top of page
  • Админ

МОНГОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАР АРВАН ДӨРВӨН СЭТГЭЛ ЗҮЙЧЭЭР ЭГНЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ

НССДС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн 1-р улирлын эчнээ ангийн төгсөлт болж арван дөрвөн Сэтгэл зүйчид бакалаврын диплом, энгэрийн тэмдгийг ёслол төгөлдөр гардууллаа. Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр тус сургуулийн захирал, доктор Ч.Базар “Яг одоо энэ цаг мөчид та бүхэн “Сэтгэл зүйч” мэргэжлийн дипломоо гардан авах гэж байна. Гардан авсан тэр мөчөөс эхлэн та дэлхийн Сэтгэл зүйчийн тоог, Монгол Улсын сэтгэл зүйчийн тоог нэгээр нэмнэ. Та Сэтгэл зүйч мэргэжилтэй гэж бардам хэлж болно. Харин хэрхэн хүнлэг, ёс зүйтэй, өндөр бөгөөд өргөн мэдлэгтэй Сэтгэл зүйч байх нь таниас шалтгаална. Сэтгэл зүйч бол оюун ухаан, зан үйлийг судалдаг бөгөөд сэтгэцийн эмгэгийг эмчлэх сэтгэлзүйн мэдлэг, судалгааг ашигладаг мэргэжилтэн, нөгөө талаар сэтгэл судлалын чиглэлээр судалгаа хийж, коллеж, их дээд сургуульд багшлахын тулд нийгмийн судлаачаар ажилладаг ийм өргөн хүрээний мэргэжилтэн. Энэ хоёр чиглэлийн аль замаар явах хувь хүний сонголт билээ. Монголын нийгэм Сэтгэл зүйчээр дутаж байна. Тэр дундаа мэргэжлийн хувьд чадварлаг, мэргэжилтний хувьд хүнлэг, ёс зүйтэй сэтгэл зүйчээр дутагдаж байна гэж би хувьдаа хардаг. Ажлын гараагаа эргэлзэлгүйгээр эхэл. Та бүхэнд өндөр амжилт хүсье” гэв.

Нийгмийн сэтгэл зүй болон сэтгэцийн эрүүл мэндийг тогтвортой байлгах, эрүүлжүүлэхэд Сэтгэл зүйчийн үүрэг хариуцлага маш их. Сэтгэл зүйн хувьд гуньж гутаж яваа, яахаа мэдэхгүй будилж яваа нэгэнд Сэтгэл зүйч л зөвлөн тусална. Хэл яриагаа ололцохгүй, ойлголцохгүй яваа аав, ээж, хүүхдэд Сэтгэл зүйч л зөвлөн чиглүүлнэ. Тэр бүү хэл хүчирхийлэгчид ч Сэтгэл зүйч л зөвлөнө.

Хүний сэтгэл зүрх, сэтгэц оюуныг мөн чанараар нь, мөн байгаагаар нь таньж мэддэг мэргэжилтэн бол Сэтгэлзүйч билээ. Энэ л утгаараа Монголын нийгэмд энэ мэргэжлийн шаардлага, үнэ цэнэ улам бүр өсч байна. Нийт төгсөгчиддөө ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРГАА



531 views0 comments
bottom of page