Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас зохион байгуулдаг “Аналитик сэтгэц заслын арга, техник” болон “Тамирчинтай ажиллах сэтгэлзүйн арга, текник ” сургалтууд 2022 оны 3-4 сард амжилттай болж өндөрлөлөө. НССДС-ийн багш, магистр Э.Баярмаагийн хөтлөн явуулдаг “Аналитик сэтгэц заслын арга, техник” сургалтаар аналитик сэтгэц заслын онолыг амьдралд ойр байдлаар тайлбарлаж, сэтгэл зүйн сүүдэр болон архетипуудтай ажиллах оношилгоо, заслын арга, техникүүдэд суралцаж, суралцагчид өөр дээрээ туршин дадлагажсан нь үр дүнтэй болсон юм. Сэтгэц заслын онолыг практиктай холбож ойлгоход цаг хугацаа, хичээл зүтгэл ихээхэн шаарддаг. Энэ бэрхшээлийг уг сургалт бүрэн шийдэж ажил, амьдралдаа ашиглахад хялбар, богино хугацаанд, цэгцтэй, ойлгомжтой, хялбаршуулсан хэлбэрт оруулснаараа давуу талтай байв. Мөн өмнө нь монгол хэлээр дэлгэрээгүй сэтгэл зүйн шинэ арга, техникүүдийг суралцагчид эзэмшсэн нь онцлог байлаа. НССДС-ийн багш, докторант Б.Баярмаагийн хөтлөн явуулдаг “Тамирчинтай ажиллах сэтгэлзүйн арга,текник” сургалтад суралцагчид нь спортын сэтгэлзүйн талаарх онолын ойлголт, мэдлэгийг эзэмшиж, тамирчны ээдрээт, зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх аргазүйд суралцан, спортын сэтгэл судлалын онолыг амьдралд ойр, энгийн, хялбаршуулсан, сонирхолтой хэлбэрээр хэрэглэх аргазүйд суралцсан нь ач холбогдолтой болов. Тус сургалтад хамрагдсан Монголын уулын үндэсний холбооны дасгалжуулагч нар тамирчинтай ажиллах арга техникийг практикт шууд хэрэглэх боломжтойгоор эзэмшиж, мөн хэрэгжүүлэхээр олон улсын тэмцээнийг зорих болсноо Монголын уулын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзориг хэлсэн юм. Суралцагчид ийнхүү богино хугацаанд онол-практик хосолсон орчин үеийн сэтгэлзүйн арга техникүүдийг эзэмшиж чадсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж сертификатаа гардан авлаа.
Админ
header.all-comments